1 дүгээр сар
1 сарын 1 - Шинэ оны баяр: Шинэ он угтах баяр Япончуудын хувьд чухал өдөр бөгөөд ихэнх хүмүүс сүмд очиж мөргөл хийнэ. Олон дэлгүүр хоршоо, музей, үзвэр үйлчилгээний газар хаалттай байх тул жуулчдын хувьд гадуур явах боломж муу болдог ч сүмд очиж Япончуудын шинэ оны баярыг хамт тэмдэглэж болно. Шинэ оны эхний өдрүүдэд томоохон дэлгүүрүүд хямдрал зарладаг тул наймаа хийхэд тохиромжтой мөн сонирхолтой байх болно.
1 сарын 3 - Тамасэсэри буюу Бөмбөг барих баяр: Фүкүокагийн Хакозакигү сүмд залуучууд баг болон хуваагдаж арицун дагшин модон бөмбөг барьж авах тэмцээн болдог. Ялсан баг нь тухайн жилдээ олз омогтой байхыг билэгддэг байна.
1 сарын 6 - Дэзомэшики буюу Шинэ оны галт парад: Токиогийн Одайба дүүрэгт үндэсний хувцсаа өмссөн галт унтраагчид төрөл бүрийн акробат, үзүүлбэр үзүүлдэг томоохон жагсаал болдог.
1 сарын 7- Үсокаэ : Фүкүокагийн ойролцоо Дазайфү Тэммангү сүмд модоор хийсэн шувууг хүмүүс бие биедээ дамжуулан өгдөг баяр болдог. Модон шувуу дунд алталдсан шувуу авч таарсан хүн тухайн жилдээ азтай хийморьтой байхыг билэгдэнэ.
1 сарын хоёр дахь Даваа гариг- Насанд хүрэгсдийн баяр: Энэ өдөр үндэсний баярын өдөр бөгөөд 20 нас хүрч байгаа залуусын насанд хүрснийг тэмдэглэдэг баяр юм. Хүмүүс энэ өдөр үндэсний хувцсаа өмсөн сүмд очиж мөргөцгөөдөг.
1 сарын 9-11 - Тока Эбисү Баяр: Оосакагийн Имамия Эбисү сүмд бизнес, ажил үйлсийн бүтэмж амжилтыг ивээх, хүсэн ерөөх баяр болдог. Энэ баярын үеэр өнгө өнгийн гоёмсог кимоно өмссөн эмэгтэйчүүд сүйх тэрэгтэй явцгаах бөгөөд гурван өдөр тасралтгүй баярын жагсаал болдог байна.
1 сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдөр- Амэ Ичи Чихрийн баяр: Мацүмотод уламжлалт чихрийн баяр хийдэг бөгөөд гудамжаар жагсаал явж, хүүхдүүд чихэр зарж хөгжилддөг.
1 сарын хоёр дахь Ням гариг- Өвсний галт наадам- Нарагийн хуучин галт уул байсан Вакакүсаяма ууланд галт наадам хийдэг баяр болдог. 1000 жилийн тэртээ Нарагийн хоёр сүмийн хил хязгаарыг тогтоох маргаан эв зүйгээр шийдвэрлэснийг тэмдэглэж хийдэг энэ баярын үеэр 200 гал асаадаг байна.
1 сарын 15 - Тоши-я: Кёотод Санжүсангэндо сүмд Японы уламжлалт нум сумын тэмцээн болдог бөгөөд Японы аймаг муж бүрээс ирсэн харваачид хүч мэргэнээ сорих том баяр болдог байна.
1 сарын сүүлээс 3 сар гартал - Соүнко Мөсний баяр: Хоккайдод Соүнко Онсенд мөсний баяр болох бөгөөд мөсөн байгууламж, гулгуурын талбай, усан оргилуур зэрэг олон сонирхолтой зүйлс байна.
Хоёрдугаар сар
2 сарын эхний Бямба, Ням гариг- Хясааны баяр: Хирошима, Мацүшима хясаагаараа алдартай бөгөөд 2 дугаар сарын энэ үед хясаа хамгийн амттай гэж үздэг байна. Энэ өдрүүдэд хясааны баяраар хясаагаар хийсэн төрөл бүрийн хоолыг амталж, үнэгүй хясаа авч, идэж болно.
2 сарын 3 ба 4- Сэцүбүн Шош Шидэх Баяр: Японы гол том сүмүүдээр сэцүбүний баяр хийнэ. Дорнын сарны хөдөлгөөнд үндэслэсэн хуанлийн дагуу энэ өдөр өвлийн сүүл өдрүүд бөгөөд хүмүүс шош шидэх уламжлалт баярт оролцог. Шош шидэх нь чөтгөрийг зайлуулж хөөж байгааг билэгддэг бөгөөд “Муу муухай арилж сайн сайхан ирэг” гэж чанга хэлцгээнэ.
2 сарын 3 ба 4- Дэнлүүний баяр: Нарагийн Касүга сүмд 3000 гаруй чулуун болон хүрэл дэнлүү асааж уламжлалт бүжиг бүжиглэн наадах баяр болдог. Шөнө энд тэнд эгнэн гэрэлтэх дэнлүүнүүд очсон хүн бүрийг эртний үед аваачих шиг санагдуулдаг байна.
2 сарын эхээр- Цасны баяр: Саппорогийн Одори өргөн чөлөөнд долоо хоногийн туршид Саппорогийн алдарт цасны баяр болох бөгөөд мөсөөр хийсэн гайхамшигт урлангуудыг үзэж сонирхох боломжтой юм. Дэлхийн олон орны урлан бүтээгчид мөсөн баримлаар өрсөлддөг байна.
Гуравдугаар сар
3 сарын 1-14 -Омизүтори буюу Гал Усны баяр: Нарагийн Тодайжи сүмд лам нар орой галт бамбар болгож асаасан урт гушаар галан тойрог үүсгэж зурж гүйх бөгөөд галын дөл нүгэл хилэнцийг ариутгана гэж үздэг байна. Хамгийн том арга хэмжээ 3 сарын 12-13-нд болно.
3 дугаар сарын 3- Хинамацүри Хүүхэлдэйн баяр: Япон даяар Хүүхэлдэйн баяр хийх бөгөөд энэ нь охидын сайн сайхан ирээдүйг хүсэн ерөөж хийдэг баяр юм. Олон нийтийн газар төдийгүй айлуудад гэртээ эртний уламжлалт хувцастай хаан, хатан зэрэг хүүхэлдэйнүүдтай тавцанг харж болно. Хүүхэлдэй хүүхдийн муу муухайг зүйлийг өөртөө шингээн авдаг гэж итгэдэг бөгөөд баяр дуусахаар хүүхэлдэйг далайд тавьж урсгах буюу сүмд аваачиж шатаадаг байна.
3 сарын 13- Касүга Мацүри: Нарагийн Касүга сүмийн 1100 гаруй жил үргэлжилж байгаа баяраар уламжлалт хувцас, хөгжим, бүжиг зэрэгтэй танилцах боломжтой.
3 сарын 20 эсвэл 21- Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр: Энэ өдөр улсын хэмжээнд амралтын өдөр юм. Долоо хоногийн туршид хүмүүс Буддын сүм явж талийгаачдын хойноос мөргөл залбирал үйлддэг байна.
3-5 сар-Сакүра Мацүри: Сакүра 3 дугаар сарын сүүлээс Кюүшү, Шикокүгээс эхлэн 4 дүгээр сард Хоншү, 5 сарын эхээр Хоккайдод цэцэглэж эхэлдэг бөгөөд энэ үеэр сакүра мацүри газар бүр болж, хүмүүс сакүра модны цэцгэн дор баярлалдаж хөгжилддөг.
Дөрөвдүгээр сар
4 сарын эхний Ням гариг- Канамара Мацүри: Кавасакигийн Канаяама сүмд эрэгтэй хүний бэлгэ эрхтэнг тахих ёслол, баяр болдог байна.
4 сарын 8- Бурхан багшийн төрсөн өдөр буюу Хана Мацүри- Япон даяар энэ өдөр цэцгийн баяр хийх бөгөөд Буддын сүмд ёслол болно.
4 сарын хоёроос гуравдахь Ням гариг- Камакүра Мацүри- Камакүрагийн Цүрүгаока Хачимангү сүмд 1192 онд Камакураг байгуулсан Минамото Ёритомо болон бусад баатруудын гавъяаг дурсан тэмдэглэх баяр юм. Энэ үеэр сүмийн баярт жагсаал болж, морьтой харваачид нум сум харвах үзүүлбэр хийж, уламжлалт шашны бүжиг бүжиглэдэг.
4 сарын 14-15- Такаяама Хаврын Баяр: 15 дугаар зуунаас эхлэлтэй энэ баяраар задгай тэвштэй тэргүүд гудамжаар парад болон жагсаж явах бөгөөд хөгжим дуу хангинасан үзүүштэй баярын нэг юм.
4 сарын 16 ба 11 сарын 15- Гүмонжи-до Галын баяр: Мияжимад Дайшоин сүмд галын цучилтай халуун нүүрсэн дээгүүр алхдаг баяр болдог бөгөөд үүгээр өвчин, гай гамшгийг зайлуулж байна гэж үздэг байна.
4 сарын 16 ба 17- Яёи Баяр: Никкогийн Фүтарасан сүмд хиймэл сакүрагийн цэцэг, цаасан дэнлүүгээр гоёсон морин тэргүүдийн жагсаал болдог.
4 сарын 29-5 сарын 5:Алтан долоо хоног буюу Япон даяар амралтын долоо хоног үргэлжлэх бөгөөд гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө аялах хүмүүсийн тоо эрс ихсдэг үе.
5 дугаар сар
5 сарын 3 ба 4-Хаката Донтакү: Фүкүокад хүмүүс морь унацгаан уламжлалт хөгжмийн зэмсэг даран, цан дамар, цоор дуугарган парад болон явцгаана.
5 сарын 5-Хүүхдийн өдөр: Бүх хүүхдүүд ялангуяа хөвгүүдийн баяр юм. Энд тэндгүй хөвгүүдийн хүч чадал хийморийг билэгдсэн өнгө өнгийн загасан туг хийсгэсэн байхыг харж болно.
5 сарын 11-12- Такиги Ноо Үзүүлбэр: Нарагийн Кофүкүжи сүмд Ноо буюу Японы уламжлалт ший тоглож үзүүлдэг баяр болно.
5 сарын 15- Токиогийн Канда Мёожин сүмд уламжлалт баярын парад жагсах бөгөөд цайны ёслол болдог байна. Сондгой тоотой онд энэ баяр хийдэг.
5 сарын 15-Аой Мацүри: Кёотогийн Шимогамо болон Камигамо сүмд болдог томоохон баяр наадмын нэг юм.
5 сарын дунд үе- Кобэгийн Мацүри: Кобэд баярын жагсаал хийж, салют буудуулж тэмдэглэдэг баяр наадам болдог.
5 сарын 17-18-Тошогү сүмын Баяр: Токүгава Иэясүгийн бунханг Никкод 1617 онд аваачиж залсан өдрийг тэмдэглэн энэ баярыг хийдэг бөгөөд гудамжаархуяглаж зэвсэглэсэн 1000 гаруй хүмүүс жагсаж нэгэн хэлбэрийн жүжигт үзүүлбэр хийдэг байна.
5 сарын 18-Санжа Мацүри: Токиогийн Асакүсагийн сүмд болдог шашны томоохон баярын нэг бөгөөд 5 сарын 18-ны Баасан, Бямба, Ням гаригт болдог байна.
5 сарын гурав дахь Ням гариг-Мифүнэ Мацүри: Кёотогийн гадна Ои голд Арашиямад Хэйаны үед хааны гэр бүл тэр голоор зугаалж байсныг тэмдэглэн энэ баярыг хийдэг байна.
Зургадугаар сар
6 сарын 1,2- Такиги Ноо Үзүүлбэр: Киотогийн Хэиан сүмд Ноо буюу Японы уламжлалт ший үзүүлбэр болно.
6 сарын 8-14- Хякүмангокү Мацүри: Каназавад болдог том баярын нэг бөгөөд гудамжаар уламжлалт ардын бүжиг дуу дуулан бүжиглэж цаасан дэнлүүтэй тэрэг голд тавьж, цайны ёслол, гэйшагийн үзүүлбэр, арслангийн бүжиг болон шатан акробат зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болно.
6 сарын 10-16- Санно Баяр: Токиогийн Хиэ сүмээс Акасака дүүргийн гудамжаар шашны уламжлалт баярт жагсаал болно.
6 сарын 14- Будааны баяр: Оосакагийн Сүмиёоши сүмд ургац арвин байхыг ерөөж, залуу охид тариачны уламжлат хувцас өмсөн сүмийн будааны талбайд дуу хөгжмийн аялгуунд будаа тарих ёслол хийнэ.
6 сараас 9 сар- Үкай: Нагояагийн ойролцоо Инүяамад Кисо гол, Гифүгийн ойролцоох Нагара гол болон Киотогийн Ой голд жижиг модон завь, саланд суун үкай буюу уламжлалт аргаар загас барихыг харна.
Долоодугаар сар
7 сарын 1-Үэки Ичи: Токиогийн Фүжи Сэнгэн сүмд Фүжи ууланд авирах улирал эхэлснийг тэмдэглэн цэцэгс, таримал ургамал модны үзэсгэлэн яармаг болно.
7 сарын 1-15-Хаката Ямагаса: Фүкүокад гудамжаар чимэглэл дүүрэн модон тэргүүд гудамжаар жагсаж, дуу хөгжим хангинасан баяр наадам болно.
7 дугаар сарын 7- Танабата буюу Одны баяр: Орихимэ болон Хикобоши гэх дурлалт хоёр од жилийн зөвхөн энэ өдөр л уулзах боломжтой байдаг тухай домгийг үндэслэн тэмдэглэдэг баяр юм. Нутаг нутгаас хамаарч энэ баярыг өөр өөрийн онцлогтой тэмдэглэдэг ч нийтлэг зүйл нь өнгө өнгийн цаасан дээр хүслээ бичсэн хүүхдүүдийн цаасыг өлгөсөн хулс мод хаа сайгүй байна.
7 сарын 9 ба 10-Хозүки Ичи: Токиогийн Асакүсад Сэнсожи сүмд хозүки цэцгийн үзэсгэлэн худалдаа болох бөгөөд гудамж талбай өнгөлөг үзэсгэлэнтэй байх болно.
7 сарын 15-Ямакаса: Фүкүокад богино өмд, кимоно маягийн өмсгөл өмссөн долоо баг 1 тонны сүм тэрэг нуруун дээрээ үүрч уралддаг баяр юм.
7 сарын 16, 17-Гион Мацүри Хотод нүүрлэсэн тахлыг дарахыг бурханаас гуйж Ясака сүмийн хамба лам анх 9 дүгээр зуунд тэмдэглэснээс эхлэлтэй энэ баярКёотод болох энэ баяр Японы хамгийн алдартай баярын нэг. Баяр сарын туршид болдог ч оргил өдөр нь 17-ны өдөр болно. Олон хүмүүс энэ өдрийг тохиолдуулан Кёото явах аялалаа товлодог.
7 сарын гуравдахь Даваа гариг: Далай тэнгисийн баярын өдөр- Тэнгисийн албанд зүтгэдэг, далай тэнгистэй холбоотой ажил хийдэг хүмүүст зориулж, Японд тэнгис далай хэчнээн чухлыг тэмдэглэж энэ баярыг хийдэг.
7 сарын 20- Кобэгийн Зуны Баяр: Кобэд үндэсний болон олон улсын самба бүжгийн баг Санномия болон Мотомачигаар парад бүжиг хийнэ. Үүний дараа орой нь салют буудаж тэмдэглэнэ.
Обоны Баяр: Энэ өдөр Буддын шашны дагуу талийгаачдын сүнс энэ дэлхийг эргэж тойрдог гэж үздэг бөгөөд олон Япончууд гэр бүлийн нас барсан гишүүдийн булшийг эргэж тойрдог. Японы нутаг нутгаас хамаарч долоодугаар болон наймдугаар сарын дунд үе байна.
7 сарын 24, 25- Тэнжин Мацүри- Оосакад Тэмманги сүмд болох энэ баяр анх 10 дугаар зуунд Оосакагийн хүмүүс Тэммангү сүмд элдэв өвчнөөс хамгаалахыг гуйж очсон өдрөөс эхлэлтэй. Урьд нь хүмүүс хүний хэлбэртэй цаас хайчилж ёслол үйлдэж завиар гол руу урсгадаг байжээ. Одоо тусгайлан бэлдсэн 100 гаруй завь голоор урсан явж бөгөөд салют буудаж тэмдэглэдэг байна. Үндэсний хувцас өмссөн 3000 гаруй хүмүүс парад жагсаал хийцгээдэг байна.
7 сарын сүүл- Мацүри Миязаки Баяр: Миязакигийн хотын захиргааны дэргэдэх голд болдог баяр бөгөөд 300 мянга гаруй хүмүүс үзүүлбэр жагсаал хийж, хоол унд, эд зүйлс худалдаалах зэрэг өргөн хэмжээний баяр болно.
7 сарын сүүл, 8 сарын эхэн-Кангэнсай Хөгжмийн наадам: Мияжимагийн Ицүкүшима сүмд үндэсний сонгодог хөгжим болон Бүкаги бүжиг хийх бөгөөд хөгжимчидтэй завь голоор явна. Сарны хуанлийг харж өдрөө тогтоодог тул жил бүр өөр өөр өдөр болно.
7 сарын сүүлийн Бямба гариг- Ханаби Тайкай: Токиогийн хамгийн том салютын баяр бөгөөд Асакүсагийн Сүмида голын эргээр олон хүмүүс энэ үзүүлбэрийг үзэх гэж цугларна.
Наймдугаар сар
8 сарын нэгдэх Баасан, Бямба гариг- Оширо Мацүри: Химэжид Ноо буюу Японы уламжлалт ший үзүүлбэр болох бөгөөд галын наадам хийхээс гадна хүмүүс хаад ноёдын хувцас өмсөж парад болон алхалдаг.
8 сарын 6- Энх Тайвны Баяр: Хирошимад Энх Тайвны Дурсгалын Цэцэрлэгт хүрээлэнд 1945 оны атомын бөмбөгт амь алдсан, хохирсон хүмүүсийн дурсгалд зориулж Ота голоор гэрэлт дэнлүү асаана. Төстэй баяр Нагасакид 8 сарын 9-нд болно.
8 сарын 11-13- Танабата Баяр: Сэндайд Одны баяр бусад нутгийг бодоход нэг сарын хойно болдог. Улсын хамгийн том баярын нэг юм.
8 сарын 11-13- Мацүяама Баяр: Мацүямад хөгжим бүжиг болж, дуу хуур хангинаж, салют буудан, парад үзүүлбэр хийдэг баяр болно.
8 сарын 12-14- Такамацү Баяр: Такамацүд 6000 гаруй хүн Чүо Дори өргөн чөлөөгөөр бүжиглэцгээх бөгөөд хүссэн хүн хамт нэгдэж бүжиглэж болно.
8 сарын 15-Торонагаши Салютын үзүүлбэр: Мацүшимад дэнлүүтэй 5000 жижиг завийг нас барагсдын сүнсийг тайтгаруулах гэж урсгадаг байна. Энэ үеэр салют буудна.
8 сарын 15-16-Ямага Дэнлүүний Баяр: Күмомотод бүсгүйчүүд зуны кимоно өмсөж, толгой дээрээ дэнлүүтэй бүжиглэдэг баяр болно.
8 сарын дунд- Даймонжи Галт наадам: Кёотогийн Нёоигадакэ ууланд Дай хэмээх ханзын хэлбэртэй үсгийг бичиж гал асаана. Энэ нь Обоны баярын үеэр болно.
Есдүгээр сар
9 сарын 16-Ябүсамэ: Камакүрагийн Цүрүгаока Хачиманги сүмд самүрайгийн үеийг дурсан тэмдэглэж морьтон харваачдын үзүүлбэр болно.
Аравдугаар сар
10 дугаар сарын 7-9, Окүнчи Баяр: Нагасакигийн Сүвагийн сүмд болох энэ баяраар сүмийн уламжлалт баярын жагсаал болж, луугийн бүжгийн үзүүлбэр хийнэ.
10 Сарын дунд -Маримо Мацүри: Хоккайдогийн Акан гол болон түүний хөвөөгөөр болдог энэ баяр Айнү хүмүүсийн хийж эхэлсэн баяр наадам бөгөөд Акан голд ургах маримо гэх ургамлыг хамгаалж тэмдэглэдэг баяр юм.
10 сарын 9-10-Такаяама Мацүри: Такаяамгийн гудамжаар сүмийн ёслолт жагсаал явна.
10 сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүд: Нагоягийн Баяр: Токүгава Иэясү, Тоёотоми Хидэёоши, Ода Нобунага хэмээх түүхэнд том гавъяа мөр үлдээсэн гурван баатарын дурсгалыг хүндэтгэж баярын том жагсаал болно.
10 сарын 14-19-Нада Кэна Мацүри: Химэжигийн Мацүбара сүмд залуус хүнд бэрхийг туулах чадвараа үзүүлэх зорилгоор сүмийн тахилгыг нуруун дээрээ үүрэн жагсана.
10 сарын 14-19- Добүрокүгийн Мацүри: Ширакавагогийн Огимачид бурханд хүмүүс добүрокү буюу бүрэн боловсроогүй архи бурханд өргөл барих баяр юм. Идээ будаа элбэг дэлбэг хөгжилдөн цэнгэлдэх баяр наадам болно.
10 сарын 17-Никкогийн Тошогү сүмийн баяр: Никкогийн энэ баярт 17 дугаар зууны эхэн үеийн дайтагч нарын жагсаал болно. Эртний үед очсон мэт сэтгэгдэл төрөхөөр харваачид, дайчид, Шинтогийн лам нар, хөгжимчид, бүжигчид жагсаж явна.
10 сарын 22-Жидай Мацүри: Кёотод 1894 оноос эхэлж тэмдэглэж байгаа энэ баяраар хотын 794 онд байгуулсныг тэмдэглэн баярладаг баяр юм. 2000 гаруй хүн үе үеийн хувцас эдлэлийг өмсөж зүүсэн хүмүүс Хааны ордноос Хэиан сүм хүртэл жагсаж алхана.
Арваннэгдүгээр сар
11 сарын 2, 3- Охара Мацүри: Кагошимад 15000 гаруй хүн зуны кимоно өмсөж ардын дуунд үндэсний бүжгээ бүжин жагсана. Хэдэн зуун мянган хүн энэ баярыг үзэхээр явдаг байна.
11 сарын 3- Даймёо Гёорэцү: Хаконэд Кёото ба Токиог холбодог Токайдо хуучин замаар эртний өдрүүдийг санагдуулах ноёд хаад хатдын хувцастай хүмүүс жагсан алхална.
11 сарын 15- Шичижи-го-сан Хүүхдүүд сүмд мөргөл хийх өдөр: Япон даяар энэ өдөр долоо, тав, гурав настай хүүхдүүд хамгийн ганган кимоног өмсөж сүм очиж мөргөл хийдэг. Токиод Асакүса, Канда Мёожин, Мэйжи сүмд кимоно өмсөж гангалсан хүүхдүүдийг харж болно.
11 сарын дунд үе-Тори-но-Ичи: Токиод Отори сүмд 11 сард тахиа өдөр ургац сайн байхыг хүсэн тэмдэглэдэг баяр болдог бөгөөд гудамжаар ургац арвин, олз омогтой, азтай байхыг билэгдсэн зүйлсийн үзэсгэлэн яармаг болно.
Арванхоёрдугаар сар
12 сарын 14- Гиши-сай: Токиогийн Сэнгакүжи буудалд домогт 47 самүрайгийн дурсгалд зориулан 47 эр самурайн хувцастай Сэнгакүжи сүм хүртэл жагсаж алхдаг баяр юм.
12 сарын дунд үе- Он Мацүри: Нарагийн Касүга сшмд хүмүүс эртний үндэсний хувцасаа өмсөн жагсаж алхдаг баяр наадам болно.
12 сарын 17-19-Хагоита Ичи: Токиогийн Сэнсожи сүмд төрөл бүрийн хэлбэр өнгөтэй дэвүүр буюу хагоитагийн баяр болно.
12 сарын 31- 12 дугаар сарын 31-ны шөнө ихэнх Япончууд сүмд очиж мөргөж, шинэ оноо угтдаг уламжлалтай. Шөнө дунд сүмүүд хуучин оныг үдэж шинэ оныг угтаж байгааг тэмдэглэж хонхоо 108 удаа дуугарана. Энэ үеэр сүмд очвол шинэ оныг өвөрмөц байдлаар угтах боломжтой.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment