Шинэ жилийн баярын хамгийн гол хэсэг нь өвлийн өвөө цасан охидоо дагуулан ирж тэр жилд сурсан мэдсэнийг нь шалгаж хариуд нь бэлэг өгөх явдал. Гэхдээ хүүхэд бүрт байдаг нэг асуулт нь өвлийн өвөө хаана амьдардаг, хаанаас ирдэг вэ. Ихэнх хүн ардын жүжигчин Ц.Гомбосүрэнгээр монгол өвлийн өвгөнийг төсөөлөн боддог. Арга ч үгүй биз. 1948 оноос эхлэн 50 гаруй жил өвлийн өвгөн болж сурлага, хүмүүжлээрээ тэргүүлсэн хүүхдүүдийг урамшуулан шагнаж бэлэг өгдөг байсан юм чинь. Хэрэв өвлийн өвөө үнэхээр байдаг бол өндөр том бие, жижигхэн харааны шил, урт цагаан сахал, баргил бүдүүн хоолойтой Ц.Гомбосүрэн гуай л байж таарна. Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг тэр сайхан өвлийн өвөөгийн хүндтэй үүргийг одоо Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргалсайхан гүйцэтгэж байгаа. Тэр жил бүр багачуудыг баярлуулж хүүхэд бүрийн хүслийг биелүүлэхээр шамдан ажилладаг.
Европын орнуудад өвлийн өвөөг Санта Клаус гэж нэрлэх бөгөөд манай өвөөг бодвол богино улаан хүрэм, түрийтэй хар гутал, богино цагаан сахал, бөөрөнхий жижиг нүдний шилтэй. Тэртээ хол цас мөсний орондоо нисдэг бугануудын хамт амьдардаг. Сантагийн тухай түүхээс хуваалцахад анх Сайнт Николас гэх сайхан сэтгэлтэй хүн жил бүрийн зул сарын баяраар асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг тараадгаас үүдэлтэй. Энэ нь сүүлдээ уламжлал болж хүүхдүүд зул сарын баяр ойртох тусам догдлон хүлээдэг болжээ. Түүгээр ч барахгүй Сайнт Николаст захидал бичиж ямар бэлэг авах хүсэлтэй, тэр жилдээ хэн хэнд тусалсан тухайгаа бичиж илгээдэг байжээ.
Сайхан сэтгэлд өвөөгийн уламжлал яван явсаар Америк даяар түгж Сингэр Клас гэдэг хүн үйл хэргийг нь үргэлжлүүлсэн байна. Түүний нэр 1773 онд СТ.А Клас болж өөрчлөгдөн түүнээс хойш бидний мэдэх Санта Клаус олон мянган багачуудыг баярлуулахаар тэртээ холоос айлчлан ирдэг болсон байна. Жил бүрийн зул сарын баяраар багачууд хүссэн бэлгийг нь өгдөг Санта өвөөтэй уулзахын тулд тоглоомын дэлгүүрт очдог болсон гэдэг. Энэ нь 1860-аад оноос үүдэлтэй бөгөөд томоохон дэлгүүрүүд талбайн голд Санта өвөөд зориулсан суудал засч багачуудыг хүслээ тухтай хэлэхэд нь тусалдаг болжээ.
Харин Оросын өвлийн өвөө Сантаг бодвол цасан охид, ойн амьтадын хамт амьдардаг. Цагаан нөмрөг, цэнхэр дээл, алтран гялалзах таяг нь оросын багачуудын хүсэн хүлээдэг өвөө. Олон өнгөөр гялтганах богино цэнхэр даашинз, дэлдэн туулай, хүрэн баавгай, зальт үнэг дагуулсаар ирэх өвөө 1870-аад оноос үүдэлтэй бөгөөд зарим номд Санта өвөөгийн дүү гэх нь ч бий.
No comments:
Post a Comment